Олон улсад таваарын үнэ тогтворгүйжиж, БНХАУ-ын эрэлт унаснаас шалтгаалан Монголын эдийн засаг тэр хэмжээгээр хохирол амсаж байгаа нь үнэн билээ. Үүнээс гадна, Монголын засгийн газрын болон төрийн эзэмшлийн компаниудын зайлшгүй төлөх шаардлагатай өрийн хугацаа ойртсоор байгаа бөгөөд энэхүү том хэмжээний өрийн бүтцийг нэн яаралтай өөрчлөж зохицуулах нь зүйтэй юм.

Эхлэл

Зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт, цинк гэх таваарууд нь Монголын нийт экспортын хэмжээний ихэнх хувийг эзэлдэг ба ойролцоогоор 88%-ийн экспортыг зөвхөн БНХАУ дангаараа эзэлдэг байна. Иймээс, Монголын эдийн засаг нь олон улсын таваарын үнийн болон БНХАУ-ын эрэлтийн өөрчлөлттэй шууд хамааралтай юм. Үүнийг эдийн засгийн өсөлтийн төлөвлөлтийн статистикаас тодорхой харж болно; Монголын эдийн засгийн өсөлт нь 2014 онд 7.8%-аас 2015 оны эхэн хагас хүртэл 3.0% болтлоо буурсан байна. Азийн Хөгжлийн Банкны гаргасан тооцооллоор, өсөлт нь 2015 онд 2.3%-т буюу хамгийн доод хязгаартаа хүрэх бөгөөд 2016 онд бага хэмжээгээр сэргэж 3.0%-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөгийн нөхцөл байдал

Монгол улсын засгийн газрын зайлшгүй төлөх шаардлагатай өрийн хэмжээ үнэхээр том хэмжээнд хүрчээ.

Монгол улс нь анх удаа олон улсын засгийн газрын зээлийн өрийн бичгийг үйлдэж, 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг 2012 оны 11 сард зарсан ба нөхөн төлбөрийг 2018 онд болон 2022 онд хийхээр тогтоосон байна. Монголын засгийн газар нь мөн хоёр бондын баталгааг Худалдаа Хөгжлийн Банкинд гаргаж өгсөн (үүнд энэ жилийн эхэнд гаргасан 500 сая ам.долларын дунд хугацааны зээл багтсан) бөгөөд 2017 болон 2020 онд нөхөн төлбөрийн хугацаа нь дуусаж байгаа билээ.

Төрийн эзэмшлийн Монгол Улсын Хөгжлийн Банк нь нийгмийн хөгжил болон бизнес төсөл, хөнгөлөлттэй барьцааны зээлийг санхүүжүүлдэг ба 2017 онд гэхэд 580 сая ам.долларын бондын төлөлт хийх ёстой юм. БНХАУ-ын Ардын Банктай хийсэн хоёр талт 3 жилийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлээр хийсэн 15 тэрбум юанийн (2.4 тэрбум ам.доллар) гэрээний дуусгавар болох хугацаа нь 2017 онд гэж төлөвлөсөн боловч, дахин хойшлогдох магадлалтай байгаа билээ. Түүнчлэн, 1 тэрбум юанийн (161.1 сая ам.доллар) гурван-жилийн хугацаатай дим сам бондыг энэ 6 дугаар сард арилжаалсан байна.

Ирэх жилүүдэд төлөх шаардлагатай их хэмжээний өрийн нөхөн төлбөрүүдээс харахад Монгол улс нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Moody’s агентлагийн гаднах хүчин зүйлийн нөлөөллийн индикатор буюу нийт улсын гадаад өрийн эргэн төлөлтийг гадаад валютын албан нөөцтэй харьцуулсан харьцуулалтаар Монгол улс нь 203.7%-тай гэж гарсан байна. Түүнчлэн Fitch агентлагийн үзүүлэлтээр буюу нийт улсын гадаад өрийн хэжээг ДНБ-тэй харьцуулсан тэнцлээр Монгол улс нь 129.8%-иар хамрагдсан улс орнуудаас хоёрт бичигдсэн байна. Энэхүү үзүүлэлт нь 2017 он гэхэд бууж 119.8% хүрэх төлөвтэй байгаа юм байна.

Энэ жилийн эхээр Монгол Улсын Өрийн Удирдлагын тухай хуулийг баталсан бөгөөд энэхүү хуулинд зааснаар засгийн газрын зүгээс Монгол Улсын Хөгжлийн Банкны хийх зээллэгийн 100 хүртэлх хувьд болон бусад холбогдох байгууллагуудад 85 хүртэлх хувьд өрийн баталгаа гаргах эрхтэй болсон байна. Иймээс, одоог хүртэл үргэлжилсээр байгаа Стандарт Банк болон Жаст группийн жишгийн шүүх ажиллагаа ердийн үзэгдэл болох магадлал өндөр байгаа юм. Стандарт Банкнаас Жаст групп-т олгосон зээл нь засгийн газрын эзэмшлийн Эрдэнэт Үйлдвэрээс өрийн бичгийн баталгаатай байсан ч хугацаандаа зээлийн өрөө төлж чадаагүй байна.

Гэхдээ сайн мэдээ бас бий

БНХАУ-ын эдийн засгийн удаашралаас шалтгаалан Монголын макро эдийн засаг тогтворгүй байгаагаас гадна, олон комментаторууд Монгол улсыг өөрөө өөртөө сөрөг нэр авчирснаас гадаад хөрөнгө оруулалт зогсонги байдалд ороод байна хэмээн мэдэгдээд байна. Энэхүү сөрөг нэр хүндийн хамгийн том нэрмээс болж буй зүйл нь удаан хугацааны туршид Оюу Толгойн тухайд Рио Тинто-той хийж буй маргаан юм. Гэхдээ энэхүү асуудалд эерэг тал бас бий, үүнд хоёр тал болох Рио Тинто болон Монголын засгийн газар нь хамтдаа энэ асуудлыг шийдэхэд ихээхэн чармайлт гаргаж байгаад оршиж байгаа юм. Тиймээс ч зарим улс орнуудтай харьцуулахад Монгол улс нь Рио Тинто-той хамтран ажиллаж хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр чармайж байгаа нь үнэхээр сайшаалтай.